Амттан зөвхөн аманд амтагдах ёсгүй сэтгэлд ч бас амтагдах ёстой...

Updated: Feb 18

Бизнесийн хамгийн үнэт зүйл бол хүн өөрөө. Хүн бас хүнэлэг ёс. Тиймээс хамгийн түрүүнд ашиг хархаас илүү хүнд сайхан зүйл юу хийж болох вэ? Гэж бодох хэрэгтэй. Хүнийг ажилд авахдаа ч тэр, хүнд үйлчлэхдээ ч тэр. Sweetland dessert boutique-н үүсгэн байгуулагчдын ярилцлагийг бүрэн эхээр нь үргэлжлүүлэн уншаарай...




1. БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС

ОЛСОН БЭ?

Би амттанд маш их дуртай болохоор хаа явсан газраа шинэ шинэ амттан хайж олохыг хичээдэг. Одоогоос 6 жилийн өмнө анх Францаас гаралтай Макарон амтат жигнэмэгийг идэж үзээд шууд л дуралсан. Тэгээд өөрөө гадагшаа явахдаа эсвэл нөхөрөө, найз нөхөдөө гадагшаа явахад нь захиж авчруулдаг байлаа.

Нэг өдөр яагаад өөрөө хийж болохгүй вэ гэж бодсон. Туршилт маань маш олон удаа бүтэлгүйтсэн. Энэ бүтэлгүйтэлдээ өөрийн дүүгээ ч бас татан оруулж хамтдаа хийх гэж оролдоод л бүтэхгүй болхоор илүү их судлах болсон. Судалж байх хугацаандаа нарийн боовны “Pasrty” төрөл маш амттай бөгөөд хийхэд маш хүнд төрөл болохыг мэдэж энэ бүтээгдэхүүнээр үйлчилдэг газрууд, тэдгээрийн соёл, дотоод засал зэрэг нь үнэхээр сэтгэл булаах болсон. Иймд Монголдоо энэ соёлыг оруулж ирж, Pastry төрлийг хөгжүүлэхийг хүссэн. Тэгээд энэ хүсэлдээ сэтгэл шулуудан дүү маань энэ чиглэлийг судлахаар гадагш явж, харин би концепци брэндийн тал дээр ажиллаж эхэлсэн.


2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөрөнгө оруулалт бол хамгийн хүнд хэсэг нь байсан. Тухайн үед ямар ч туршлагагүй эгч дүү хоёр нийлээд компани байгуулж, банкнаас зээл аван бизнесийн гараагаа эхэлж байсан. Бизнесийн ертөнц хатуу гэдгийг тэгэхэд л ойлгож эхэлсэн. Зээлийн хүү өндөр, хэрэглэгчид маань зөвхөн амттан идэхээр зорьж ирэхэд бэлэн биш, Улаанбаатарт кофе шоп хүртэл маш бага байсан үе дээ. Бид зах зээл дээр хоёр жил тэссэн ч хаалгаа барихад хүрч байлаа. Хаалгаа барьсны дараа дүү бид хоёр тус тусын мэргэжлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн боловч кофе шопоо ахиад заавал нээнэ гэсэн бодол сэтгэлд байнга уяастай явдаг байсан.

Үнэхээр их сэтгэл гаргасан болохоор энэ бодол, хүслээ тавьж явуулж чадахгүй байсан л даа. Тэгээд нэг жил бэлдэж, ээж маань бидний Angel investor болсоноор бидэнд дахин эхлэх боломж олдсон. Өмнө нь алдсан алдаагаа засч, бизнес загвартаа томоохон өөрчлөлт оруулсан байгаа.

Би ер нь алдаж үзсэн хүмүүст дуртай. Алдахгүй бол онож байгаагаа ч мэдэхгүй шүү дээ.


3. ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

Манай Sweetland кафе маш их онцлогтой. Өмнө нь хэлсэн Pastry төрлийн нарийн боов хийдэг маань манай хамгийн том онцлог. Энэ төрөл нь хүссэн хүсээгүй маш чанартай түүхий эд хэрэглэхийг шаарддаг. Хэрвээ бүтээгхүүний нэг л орц муу, чанаргүй эсвэл технологийн горим буруу болвол тухайн бүтээгдэхүүн тэр чигтээ гарах боломжгүй болдог. Тиймээс бүтээгдэхүүний түүхий эдийн чанарт маш их анхаардаг.

Pastry төрөл нь бүтээгдэхүүн нэг бүр дээр тулж ажилладагаараа яг л Couture хувцас шиг. Тиймээс ч кафегаа Boutique café гэж нэрэлсэн.

Дотоод заслаа ч мөн энэ утгаараа маш их гар ажиллагаа оруулж, европ маягийн чиг хандлагатай зассан. Маш их чимхлүүр ажил орсон.

Энэ бүхнээс гадна манай хамгийн том онцлог бол бид ямар нэг гадаадын Фаранчайз биш цэвэр үндэсний брэнд юм.


"Амттан зөвхөн аманд амтагдах ёсгүй сэтгэлд ч бас амтагдах ёстой..."

4. БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Sweetland бол үндэсний брэнд. Энэ брэндийнхээ бизнес загвараа улам боловсронгуй болгож Монголдоо анхны Фаранчайз кафе болгох төлвөлгөөтэй байгаа.

Биднийг хаалгаа бариж байх үед ганц манайх ч биш олон олон дотоодын маш гоё, сонирхолтой концепци бүхий кафенууд нүдэн дээр хаалгаа барьж байсан. Магадгүй бидний дотоодын кафенууд Улаанбаатарт кофе уух соёлыг нутагшуулах суурь болж өгсөн байх.

Харин одоо Гадаадын Франчайзууд бараг булан эргээд л байдаг болж. Дотоодын кафенууд дахин үүд хаалгаа нээвэл бид гадагшаа урсах мөнгөний урсгалаас дотооддоо багаханыг нь ч болов барьж үлдээж чадна. Энэ нь хэн нэгэн гадаадын дансанд оролгүй, нилээн хэдэн айлын амьдралд хувь нэмэр оруулах байх.

Ер нь яг нэг хэвийн газар тав орсоноос 5 өөр газар орох чинь л сонирхолтой биз дээ.


5. БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бизнесийн хамгийн үнэт зүйл бол хүн өөрөө. Хүн бас хүнэлэг ёс. Тиймээс хамгийн түрүүнд ашиг хархаас илүү хүнд сайхан зүйл юу хийж болох вэ? Гэж бодох хэрэгтэй. Хүнийг ажилд авахдаа ч тэр, хүнд үйлчлэхдээ ч тэр.


6. ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид бизнес загвараа сайжруулж, бүтээгдэхүүний өртөгөө бууруулах тал дээр ажиллаж байна. Манайх үйлдвэрлэгч орон биш учраас бараг бүхий л түүхий эдээ гаднаас авах болдог. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний өртөгийг өсгөж, хэрэглэгчид очих үнэ тэр хэмжээгээр нэмэгдэхэд хүргэж байна. Манайд кафед хийдэг энэ сайхан амтатнуудаа олон хүнд хүргэхийн тулд үнэ маш боломжийн байх хэрэгтэй. Pastry төрөл нь маш нарийн үнэт түүхий эдийн орцтой байдаг тул үнийг хямд байлгах нь маш хэцүү юм.

Саяхан тогооч маань бор элсэн чихэрлүүгээ санамсаргүйгээр сүү асгачихасан байсан. Тэгээд намайг дуудаад ийм их нойтон бор элсэн чихрээ яаж аврах талаар ярилцаад зогсож байтал Бариста маань орж ирээд карамел соус дуусчихлаа агуулахаас авая гэсэн. Яг энэ үед урд маань байсан бор элсэн чихэр карамел соус шиг харагдаж байсан. Үнэхээр ч карамел соуст сүү, бор элсэн чихэр хоёр хоёулаа ордогыг мэдэх тул бид өөрсдөө карамел соус, шоколадны соус, нэрс, аньс, хад зэрэг жимсний сиропуудыг үйлдвэрлэж эхлэхээр зориг шулуудсан..

Яг үүн шиг Macaron жигнэмгийн гурилыг бид өөрсдөө үйлдвэрлэж эхэлснээр нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр бууруулж чадсан.



7. ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Бид маш олон байнгын үйлчлүүлэгчидтэй. Дахин дахин үйлчлүүлэх шалтгаан нь амт, чанар, мөн бидний шинийг ирэлхийлэх сэтгэлгээтэй холбоотой гэж боддог. Хэрэглэгчдээс сайшаал, шүүмжлэл олон сонсдог. Магтаалаас нь урам авч, шүүмжээс нь суралцаад л явж байгаа.


8. ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ

ТАЛ?

Амттан дүүрэн өрсөн шилэн хөргөгчний урд ирээд өөрийн эрхгүй инээмсэглэж байгаа хүмүүсийг харахаар хүмүүст аз жаргал түгээсэн сайхан ажил хийж байна гэж боддог.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл олон л байна. Энэ бүхнийг тоочих зав ч байхгүй эрх ч байхгүй. Энэ нь нэг төрлийн давах ёстой даваа л байх. Монголд бизнес эрхлэх нь хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа мэт л байна. Зөвхөн манайх биш бидний үеийн залуучууд бүгд миний адил тулалдаж яваа. Монголын олон мундаг чадалтай залуус Монголдоо өөрсдийн гэсэн Брэнд, контентуудыг гаргаж ирэх гэж хичээж байгааг харж байна. Монголын хөгжилд Монголчуудаас өөр хэн ч хүрч ирээд туслахгүй л байх.


9. ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би ч өөрөө залуу хүн одоо ч суралцсаар л явна. Хэрвээ хийж байгаа зүйл чинь өөрөө зөв зүйл байгаад түүндээ үнэхээр дуралсан бол заавал амжилтанд хүрч таарна. Хамгийн гол нь юмыг олон талаас нь харж дүгнэж сурах хэрэгтэй. Чиний харсан өнцөг бусдын өнцгөөс яаж харагдаж байгааг байнга бодож байх хэрэгтэй. Тиймийн тулд үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлж, бусдаас суралцаж байх хэрэгтэй. Бас үргэлж өөртөө итгэж бай л гэж хэлэе дээ.

2 views0 comments

Recent Posts

See All

BOUTIQUE ADDRESS:

Хатан сүйх төвийн 1-р давхар, Бээжингийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Tel: 75003900

OPENING HOURS:

Monday      10:00am-8:00pm

Tuesday       10:00am-8:00pm

Wednesday 10:00am-8:00pm

Thursday    10:00am-8:00pm

Friday          10:00am-8:00pm

Saturday      10:00am-8:00pm

Sunday        closed

GET IT FRESH:

© 2019 зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан